Хөвсгөлийн БЦГ

Ерөнхий танилцуулга

Хөвсгөл нуурын ай сав газар нь уул зүйн хувьд хойгуураа зүүн Соёны уулс, өмнөд хэсгээрээ Хангайн салбар уулс, баруун талаараа Тувагийн уулсын салбар, зүүн талаараа Байгалийн салбар уулсын хооронд шинэхэн газар хөдлөлтөөс үүссэн хонхорт оршдог. Физик газарзүйн мужлалаар Хангай-Хэнтийн уулархаг их мужийн Хөвсгөлийн мужид багтдаг өндөр өргөгдсөн уулархаг нутаг юм.

Хөвсгөл нуурын баруун хэсэг далайн төвшнөөс дээш 2500-3000 м өндөр өргөгдсөн эгц хажуу, шовх оройтой өндөр уулсаар хүрээлэгдсэн цавчим хавцал гуу жалгаар хэрчигдсэн байдаг. Харин нуурын зүүн талын хэсэг бэсрэг уулын хэв шинжтэй ихэнх уулсын оргил 2000 м хүрдэггүй, нэлэнхүйдээ модоор хучигдсан бөмбөгөр орйтой уулс зонхилно. Зүүн талын уулсын дотроос хамгийн өндөр цэг нь Цагаан уулын оргил 2364 м байдаг.

Хөвсгөл нуурын зүүн өмнөд хэсэг ихэнхдээ намхан гадаргуутай, нуурын усны төвшнөөс дээш 200-400 м өргөгдсөн, хамийн өндөр цэг нь 700 м орчим байдаг.

Ай савын үнэмлэхүй өндөр 1746 м байгаа нь Монгол орны нутаг дэвсгэрийн дундаж өндрөөс /1580м/ дээш байна. Ай савдаа хамгийн өндөр цэг нь Мөнх-Сарьдаг уулын оргил /Бүрэнхаан 3491 м/, хамгийн нам дор газар нь далайн төвшнөөс дээш 1645 м орших Хөвсгөл нуурын усны мандал юм.

Хөвсгөл нуурт 4 арал байдгаас хамгийн том Модон хүй арал нуурын төвшнөөс дээш 126 м өргөгдсөн 7 км талбайтай юм.